Аpple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн нэр хүндтэй брэнд болгож чадсан Стив Джобс агсан Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ гурван түүх хүүрнэсэн байдаг. Үүнийг та бүхэнд сонирхуулж байна.
Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.
Эхний түүх зангилааны гол цэгийн тухай.
Би Рийд коллежийг 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй хүмүүсийн гэр бүлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл үрчлэх гэж байсан айлын эзэн “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ.Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг, эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа.Эхэндээ би их айж байсан.Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа. Ингэж л би сургуулиа хаясан даа.
Харин миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан байгууллагаас чамайг халахад ямар байх вэ? Бид Аpple-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь мөн л өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ ч хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж Нэxт гэж нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Аpple худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Аpple-ийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ.Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй. Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.
Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.
No comments:
Post a Comment